ВИМ гуай

Вим гуайтай олон жилийн өмнөөс танилцсан боловч бараг мэндийн зөрүүнээс хэтэрсэнгүй өдий хүрсэн байжээ. Хүн болгон өөрийн гэсэн дуртай текст засварлагчтай. Миний хувьд Вим.
Эргэж уулзахад ижий сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан, эдэлж сурахад вим сайхан гэдэг ардын үг байдаг санагдаад байгаа юм. Санаа дагаад тэр биз дээ. хэхэхэ

Вимийн хэрэглээ
Вим гуайг текст засварлах бүх зүйлд хэрэглэж болно. HTML, XML, CSS, Javascript, Java, C, C++...гэх мэтчилэн маш олон файлын төрлүүдийг автоматаар таньж өнгөөр дүрсэлж харуулдаг.
Анх хэрэглэж сурч буй хүнд жаахан сонин, эсвэл хэцүү санагдаж магадгүй юм. Гол зорилго нь гараа их хөдөлгөлгүйгээр маш хурдан бичиж засварлахад зориулсан гэдгийг санах хэрэгтэй.
Сурах замнал нь урт биш. Дунд зэргийн аятайхан хэрэглэж сурахад нэг цаг л шаардлагатай болох байх.

Вим бусад засварлагчдаас юугаараа ялгаатай вэ?
NotePad, WordPad, Word зэрэг текст засварлагчид жижгээсээ том хүртэл энэ цахим ертөнцөод дүүрэн байна. Гэхдээ вим гуай тэдгээрийн бүх төвшинд ажиллаж чадна. Тэрүүгээрээ л хүмүүсийн анхаарлыг татаад байгаа байх. Нэг засварлагчаар л бараг бүх төрлийн текст файлыг засварлана. Их чухал уншигдаж байгаа биз...?

Вим суулгалт
Юникс ертөнцийн ард түмэн бол вим гуайтай аль хэдийнээ танил болсон байх. Гэхдээ Х орчинд мөн ажилладаг GVIM гэсэн хувилбар байдгийг бас санаж байгаа байх аа.
Бүндөүс орчны нөхөд харин http://www.vim.org/ хаягнаас татаж авч суулгах хэрэгтэй. Тэр хуудасны татаж авах хэсгээс MS-DOS Microsoft Windows төрлийн үйлдлийн системд зориулсан хэсгээс нь татаж авна.

Эхлээд ачаалах
Эхлээд ачаалахад юникс нөхдүүд тушаал өгөх мөрнөөс vim эсвэл график төрлийн вимийг ажиллуулахын тулд gvim гэж ажиллуулна. Харин бүндөүсийн нөхдүүд суулгасан хойно дарж ажиллуулдаг тэмдэгт зураг дарах юмуу эсвэл эхлэл цэсний програмууд суугдсан хэсгээс сонгож ажиллуулна.
Анх ачаалахд танд ердөө дунд хэсэгтээ хэрхэн тусламж авах тайлбар бичсэн цонх харагдана. i үсэг дарангуут бичих горимд шилждэг. Хэрхэн бичих болон хадгалж ажиллах зааврыг дор өгүүлэх болно.

Хэрэглэж эхлэх нь
Нуршилгүйгээр үндсэн ажилдаа орцгооё.
Арван хурууны бүжиглэж эхлэх цаг боллоо. Дахин хэлье, анх сурахад юм болгон тийм амархан биш гэхдээ Вим гуай дээр та нэг цаг болоход л мастер болох байх аа :)

Ерөнхий
Вимд засварлах буюу бичих, тушаах, тэгээд сонгох гэсэн гурван горим байдаг. Ямар ч горимд байсан бай тушаах горимд шилжихийн тулд
Esc товч эсвэл Ctrl+C товчлуурын хослол дарна. Тушаах горимд шилжихэд заагчийн өргөн нь нэмэгдээд пагдгар дөрвөлжин болох бөгөөд засварлагч горимд ороход заагч нарийсдгийг анзаараарай. Сонгох горимд v товч дарж шилждэг бөгөөд энэ горимд текст өнгөөр гэрэлтүүлж сонгож эхэлдэг. Засварлах горимд шилжихэд хэд хэдэн товч хэрэглэгдэнэ:
o - Шинэ мөрнөөс эхлэж бичнэ. Заагч байгаа мөрний доороос шинэ мөр эхлүүлнэ бичиж эхлэнэ.
О - Заагч байгаа мөрний дээр шинэ мөрөнд эхэлж бичнэ.
i - Заагч байгаа газраас бичиж эхэлдэг. Хэрэв та ямар нэгэн үг дээр жишээлбэл тэр үгийн сүүлийн үсэг дээр заагч тань байх үед энэ товч дээр дарахад тэр үсгийн өмнө нь оруулга хийж эхэлнэ гэдгийг анхаараарай. i гэдэг нь insert гэж орлуулах гэсэн үгийн эхний үсэг.
a - Заагчийн байгаа үсэгний араас нь залгаж бичиж эхэлнэ. i өмнө нь оруулж бичдэг байхад
а бол араас нь залгаж бичнэ. а нь append гэж залгах гэсэн үгийн эхний үсэг.

Заагчийг нааш цааш хөдөлгөх нь
Заагчийг хөдөлгөхийн тулд мэдээж тушаах горимд байна. хэхэ Засварлах горимд мэдээж дарагдсан товч болгон үсэг бичих болохоор сумтай товч л хэрэглэж нааш цааш нь хөдөлгөж болно. Хэрэв тэгж хэрэглэвэл Вим дээр ажиллах нь ердийн текст засварлагч дээр ажилласантай ижилхэн хэрэглээ болно. Засварлах горимд бол би зөвхөн юм бичих гэж л орно. Бичиж дуусаад тушаах горимд орж нааш цааш хөдөлгөх юмуу эсвэл тушаал ашиглаж бас орлуулга, сануулах, санамж буулгах зэрэг үйлдлийг хийдэг.
h - Заагчийг зүүн тийш нэг үсгээр хөдөлгөнө
l - Заагчийг баруун тийш нэг үсгээр
j - Заагчийг нэг мөрөөр доошлуулна
k - Заагчийг нэг мөрөөр дээшлүүлнэ
Сайн харвал энэ дөрвөн товч нь компьютерийн гар дээр зэрэгцэж байрласан байгаа. Тэрнээс гадна гарын J болон F товч дээр жижиг товгор бий. Энэ бол гарын арван хуруугаар бичдэг хүмүүс гар луугаа харалгүй энэ хоёр товч дээр долоовор хуруугаа тэмтэрч байрлалаа авахад зориулагдсан юм.
За тэгээд файл дотор нааш цааш тэнэх өөр аргууд:
G - (том үсгээр бичсэнийг анхаарна уу. Шифт товчтой цуг дарна гэсэн үг) Файлын төгсгөлд очно
1G - (эхлээд 1 гэж бичээд дараа нь том G үсэг бичнэ) файлын эхлэлд очно.
0 - ( о үсэг биш тэгийн тоо шүү) мөрийн эхэнд очно
$ - ( шифт 4) мөрийн төгсгөлд
w - үг үгээр баруун гар тийш үсэрч явна
b - үг үгээр зүүн гар тийш үсэрч явна
( - нэг өгүүлбэрээр зүүн гар тийшээ
) - нэг өгүүлбэрээр баруун гар тийшээ

Устгах
х - заагч байгаа тэмдэгтийг устгана.
dd - заагч байгаа мөрийг устгана
dw - үг үгээр нь баруун гар тийш устгана
db - үг үгээр нь зүүн гар тийш устгана
гэх мэтчилэн дээр өмнө заагчийг яаж хөдөлгөж байсан яг тэр үсэгнүүдийн өмнө d үсэгтэй хэрэглэвэл тэр хөдөлгөөнөө устгаж хийнэ. Жишээ нь d$ файлын төгсгөл хүртэл устгах бөгөөд d) гэвэл өгүүлбэрээр нь баруун гар тийш устгана.

Үг өгүүлбэр сольж өөрчлөх
Та ямар нэгэн үг эсвэл өгүүлбэрийг тэр чигээр нь устгаад шинээр бичих хэрэг гарвал эхлээд устгах үйлдэл хийгээд дараа нь засварлах горимд орно. Тэгвэл үүнийг товчлох тушаал бол с товч билээ. Ингээд хэрэв та үг устгаад оронд бичих хэрэгтэй бол cw гэж баруун тийш устгаж бичих горимд орно cb гэж зүүн тийш үг устгаад бичих горимд орно. с үсгийн дараагаар мэдээж өгүүлбэр, мөр, гэх мэтчилэн дээр заагчийг хөдөлгөхөд хэрэглэсэн үсгүүдийг хэрэглэж болно.

Харж сонгох горим
v - энэ үсгийг дарах үед засварлах горимд орсон юм шиг заагчийн хэлбэр нь өөрчлөгдөх боловч цонхны доод хэсэгт VISUELL гэсэн бичиг гардаг. Энэ горим бол текстийг сонгох горим юм. Энэ горимд өмнө заасан заагчийг нааш цааш хөдөлгөхөд тэр байрлалаасаа хөдөлсөн зүгтээ текстүүдийг ар дэвсгэрт нь өнгө өгч сонгодог. Жишээ нь баруун гар тийш үг үгээр нь сонгохыг хүсвэл v дарж горимд оронгуутаа w дээр дарж үг үгээр нь сонгох болно.
Текстийн тодорхой хэсэгт ямар нэгэн үйлдэл буюу засварлалт хийх гэж сонгох горимыг хэрэглэдэг. Тэдгээр үйлдлүүд нь санамжид хийх, устгах, буулгах зэрэг билээ. Тэр талаар дор өгүүлнэ.

Сануулах, Устгах, Буулгах
VISUELL горимд сонгосон текстийг y товч дарж санах ойд хадгалдаг. Хадгалсан текстийг
р товч дарж буулгана.
Сонгох горимд биш ердийн үед устгасан текст мөн санах ойд ордог. Тэгэхээр хэрэв та dd гэж мөрөөр нь устгасан бол р товч дарж хаа нэг газар буулгаж болох нь байна.
Одоо сонгох горимгүйгээр сануулах арга үзье.
Shift+y - заагчийн байгаа мөрийг сануулдаг.

Онцгой боломжууд
Одоо хамгийн сонирхолтой шинж чанарыг нь авч үзье. Ямар ч тушаал өгч гүйцэтгэсэн бай цэг гаргадаг товч дээр дарахад тэр үйлдлийг дахин гүйцэтгэдэг. Жишээлбэл та w дээр дарж нэг үгээр үсэрсэн бол цаашаагаа тэр үсгийг дарж нэг үгээр үсэрч болно эсвэл цэг дээр дарж бас болно. Арван хуруугаар бичдэг хүнд бол цэг тавих товч нь англи гар хэрэглэдэг хүний чигчий хурууны доод мөрөнд байдаг болохоор өгүүлбэрээр үсэрч явах эсвэл ямар нэгэн жаахан төвөгтэй товчны хослол дарах хэрэгтэй үед энэ их хэрэг болдог.
Ямар нэгэн тушаал өгөхөөсөө өмнө тоо бичээд тушаалаа өгөхөөр тэр тушаалыг бичсэн тоогоор давтаж гүйцэтгэдэг. Жишээ нь 3dw гэж бичвэл гурван үг устгах нь байна. Эсвэл
5dd гэвэл таван мөр устгана.

Хайлт хийх
Тушаах горимын үед / товч дээр дарахад цонхны доод хэсэгт бичиж болохоор болдог. Тэгээд хайх үг юмуу өгүүлбэр эсвэл хайх загвараа (pattern, энэ талаал жич бичихийн хичээнэ) бичих хэрэгтэй. Вимийн график горимын үед энэ хайх аргыг хэрэглээд бичиж эхлэнгүүд олдцуудыг гэрэлтүүлж харуулдаг. График горимын вим биш бол хайх текстээ бичээд энтер дарахад олдсон текст дээр очих бөгөөд олдоогүй бол олдсонгүй гэсэн текст гарч ирнэ.

Үргэлжлэл бий...

1 Kommentar:

baynaa hat gesagt…

Hi,

тун дэлгэрэнгүй сайхан бичсэн байна. Харин тэр ө, ү үсэгнүүд уншигдахгүй болохоор вөндөүс ч юмуу, вүндөүс ч юмуу сайн уншиж чадсангүй, хэхэ. Үргэлжлүүлээд олон гоё нийтлэл бичээрэй.